2023 оны 10-р сарын 13-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотод “Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяны нээлтийн арга хэмжээг “Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе” уриатай зохион байгууллаа. Нэг сарын турш үргэлжлэх уг аяны хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
Аяны нээлтэд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон Монголын банкны холбоо, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкнуудын төлөөлөл оролцон үг хэлж, Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол, санхүүгийн боловсрол, түүний ач холбогдол зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
Нээлтийн арга хэмжээний үеэр Хадгаламжийн даатгалын корпораци болон Германы Шпаркассэ банкны Монгол дахь сан Төв аймгийн шилдэг 10 хүүхдүүдийг “Хадгаламжийн эрхийн бичиг”, гарын бэлгээр шагнаж урамшуулав.