Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны /ОУХДХ/ Евро-Ази бүсийн хорооны даргаар Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн томилогдлоо.
Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо /ОУХДХ/ нь хадгаламжийн даатгалын тогтолцооны олон улсын стандарт тогтоогч байгууллага бөгөөд дэлхийн 117 улстай хамтын ажиллагаатай.
Бүс нутгийн нийтлэг сонирхол, харилцан мэдээлэл солилцох зорилгоор Африк, Ази номхон далай, Карибын тэнгис, Евро-Ази, Латин Америк, Ойрх Дорнодын болон Хойд Африк, Хойд Америк зэрэг бүс нутгийн дэд хороод байгуулагдаж, гишүүд хоорондоо мэдлэг, туршлага солилцох, Хадгаламжийн даатгалын системийг үр ашигтай нэвтрүүлэх, хөгжүүлэхэд нь харилцан туслалцаж байна. Монгол улс Ази-Номхон далай, Евро-Ази бүсийн хорооны гишүүнээр хамтран ажилладаг.
Евро-Ази бүсийн хорооны хурал 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын нийслэл Казань хотод цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд холбооны гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн 3 жилийн хугацаатайгаар бүсийн хорооны даргаар сонгогдон ажиллахаар боллоо.
Тус хороо нь Беларусь,Турк, Азербайжан, Казахстан, Армен, Тажикистан, Киргиз, Гүрж, Узбекстан, Монгол гэсэн нийт 10 гишүүн улстай.