“Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” аяны нээлтийн арга хэмжээг “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриатайгаар 03 дугаар сарын 20-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгууллаа.
Тус аяныг Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв болон арилжааны банкнууд хамтран 3 дугаар сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл хэрэгжүүлэх юм.
Аяны хүрээнд оролцогч талууд хамтран мөнгөний үнэ цэнэ болон хуримтлал, хадгаламжийн ач тус, мөнгө санхүүгээ хэрхэн зөв, зохистой удирдах талаар сургалт, уралдаан тэмцээн зохион байгуулах юм.
Нээлтийн арга хэмжээнд Хадгаламжийн даатгалын корпорациас гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн захирал А. Алтантүлхүүр нар оролцлоо.
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс зохион байгуулж байгаа “Global money week” аянд 2012 оноос хойш дэлхийн 176 улс, 60 сая гаруй хүүхэд, залуучууд хамрагдсан байна.