Хадгаламжийн даатгалын корпораци Дэлхийн хуримтлалын өдрийг 9 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн онцлог нь баруун бүсийн Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгуудад Монголбанкны салбаруудтай хамтран олон нийтэд чиглэсэн өдөрлөг, сургалт мэдээллийн арга хэмжээнүүд зохион байгуулснаар өргөн цар хүрээг хамарлаа. Арга хэмжээний хүрээнд хүүхэд, залуучуудын дунд хуримтлалын тухай сэдвээр зохион байгуулсан гар зураг, видео шторк, зохион бичлэгийн уралдаануудад нийт 500 гаруй бүтээл ирүүлсэн байна. Мөн Улаанбаатар хот болон орон нутгийн ЕБС-ийн сурагчид, иргэдэд үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлан таниулах, хадгаламж, хуримтлалын ач холбогдол, хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар мэдээлэл хүргэлээ.
Өнгөрсөн 10 сарын 30-ны өдөр Блю скай зочид буудалд Монголбанк, Банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкнуудтай хамтран олон нийтэд зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж бүтэн сар үргэлжилсэн тус аяны хаалтыг хийлээ.
Арга хэмжээнд Хадгаламжийн даатгалын корпорацийн Захиргаа, удирдлагын газрын захирал Х.Гэрэлт-Од үг хэлж, зохион байгуулагч байгууллагуудын удирдлагуудын дунд зохиогдсон хэлэлцүүлэгт корпорациа төлөөлөн оролцлоо.
Хадгаламжийн даатгалын корпорациас уг аяны хүрээнд уламжлал ёсоор хүүхэд, залуучуудад хуримтлалыг хэвшил болгох, хуримтлалын эх үүсвэрийг нээх, дэмжих зорилгоор 100 гаруй хадгаламжийн эрхийн бичгийг олгосон байна.
Нээлттэй өдөрлөгөөр арилжааны банкнууд болон бусад байгууллагууд иргэд олон нийтэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан хуримтлал, хадгаламжийн ач холбогдлыг таниулав.