“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяныг 10-р сарын 1-ний өдөр Налайх дүүрэгт “Зорилготой хуримтлуулъя” уриатайгаар эхлүүллээ. Тус аяныг Монголбанк, Монголын банкны холбоо , Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан болон арилжааны банкнууд хамтран 8 дахь жилдээ зохион байгуулж байна.
Нэг сарын турш үргэлжлэх уг аяны хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
Аяны нээлтэд зориулж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Энхцэцэг, Хадгаламжийн даатгалын корпорацийн Захиргаа, удирдлагын газрын захирал Х.Гэрэлт-Од, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь төлөөлөгч Маркус Лох, ХХБ-ны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Банзрагч нар үг хэлж хуримтлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, Налайх дүүргийн хүүхдүүдэд хадгаламжийн эрхийн бичиг гардууллаа.