Нийтлэл

Ил тод байдал

Шинэ нийтлэл

БИДНИЙГ ДЭМЖЭЭРЭЙ

​Таны, танай хүүхдийн хадгаламж “даатгагдсан” уу?

Банк эрсдэлд орвол хүмүүсийн хадгаламжин дахь мөнгө яадаг вэ?

Даатгалын сангаас нөхөн төлөгдөнө гэвэл та итгэх үү?

Монгол улсад хэрэгжүүлээд 5 жил болж байгаа Хадгаламжийн даатгалын энэ тогтолцоог хүмүүс тэр бүр мэддэгүй нь саяхны хийсэн судалгаанаас тодорхой харагдлаа.

Өнгөрсөн сард буюу  2018 оны 10-р сард банкинд мөнгөө хадгалуулах хүсэлтэй 337 хүнээс судалгаа авахад ердөө 60 хүн нь буюу 18 хувь нь “банкин дахь хадгаламж нь даатгагдсан байдаг”-ийг мэддэг нь тогтоогдов.

Иймд бид Хадгаламжийн даатгалын талаар нарийн ойлголт өгч, хэн үүнд хамрагдах боломжтой, хэдий хэмжээний мөнгө нь даатгагддаг, банк эрсдэлд орвол даатгалын нөхөн төлбөр хэрхэн олгогддогийг мэдүүлэх үүднээс энэхүү нийтлэлийг бэлтгэн хүргэж байна.

Энэ ямар учиртай зүйл вэ? Товч түүх

1929 оны 10-р сард Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр их хямрал болж, энэ нь банк санхүүгийн салбарт ч сүйрэл дагуулан, хадгаламж эзэмшигчид банкнаас мөнгөө их хэмжээгээр татан авч, урт дараалал үүсгэж байжээ. Тиймээс банкны салбарыг эрүүлжүүлэх, хадгаламж эзэмшигчдийг хамгаалах үүднээс 1933 онд АНУ дэлхийд анх удаа Хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн байна. Удалгүй 1935 онд хадгаламжийн даатгалыг хариуцан ажиллах албан ёсны анхны байгууллага болох Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци (FDIC) АНУ-д үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Үүнээс хойш хадгаламж эзэмшигчдийг хамгаалсан энэхүү тогтолцоог улс орнууд ээлж дараалан өөрийн банкны системд хэрэгжүүлж эхэлсэн байна. Улмаар 2002 оны 5 сард Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо (ОУХДХ, IADI) нь дэлхийн улс орнуудын Хадгаламжийн даатгалын систем, түүний бодит туршлагыг солилцохоор 25 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 100 гаруй гишүүнтэй, хадгаламжийн даатгалын чиглэлээр дэлхийн стандартыг тогтоодог байгууллага болон ажиллаж байна.

Улмаар Монгол улсад 2013 оноос эхлэн Хадгаламжийн даатгалын корпораци энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2014 онд ОУХДХ-ны 72 дахь гишүүнээр элсэн дэлхийн тэргүүлэх туршлага, стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Монголд хэрэгжиж буй хадгаламжийн даатгалын тогтолцоо

Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо нь 100 гаруй гишүүнтэй болсны дотор бидний сайн мэдэх, их долоо гэж нэрлэж заншсан Англи, Америк, Канад, Франц, Герман, Итали, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас гадна Сингапур, Голланд, Швейцарь, Солонгос зэрэг хөгжлөөр тэргүүлэгч орнуудаас гадна хөгжиж буй улс орнууд ч хамрагдсан байна. Эдгээр улс орнууд нь хадгаламжийн даатгалын 4 төрлийн тогтолцооноос өөртөө тохирохыг сонгон хэрэгжүүлдэг.

Манай улсад хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага нь Хадгаламжийн даатгалын корпораци бөгөөд энэхүү байгууллагын хувьд иргэдийн банкин дахь мөнгөн харилцах, хадгаламжийг даатгах, түүний нөхөн олговрыг хариуцах чиглэлээр ажилладаг.

Энэ нь тэгээд найдвартай юм уу!

Даатгалын үйлчилгээний найдвартай эсэхийг даатгалын сангийн хэмжээгээр буюу нийт хадгаламжийн хэдэн хувийг нөхөн төлөх чадвартайгаар нь дүгнэж болно.

Хадгаламжийн даатгалын корпораци 2013 онд 92,2 тэрбум төгрөгийн хадгаламжийн даатгалын сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр уг сан 335,0 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болоод байна. Энэ нь нийт даатгагдсан хадгаламжийн 7,8 хувьтай тэнцэж байгаа тул байнгын эрсдлийг хангалттай хэмжээнд даах бүрэн чадвартай гэж үзэж болохоор байна.

Нөгөө талаас энэхүү байгууллага нь Хадгаламжийн даатгалын үндсэн зарчмыг (олон улсын) мөрдөж байгаа эсэхэд хөндлөнгийн байгууллагууд дүгнэлт хийдэг.

2017 онд Дэлхийн банк “Хадгаламжийн даатгалын үндсэн зарчим”-ын дагуу Хадгаламжийн даатгалын корпорацид үнэлгээ хийсэн.

Дээрх үнэлгээгээр сангийн хөрөнгийн хэмжээний хувьд ч, үйл ажиллагааны чанарын хувьд ч олон улсын жишгээр ажиллаж байгаа гэсэн сайн үзүүлэлт гарсан байна.

Хэн үүнд хамрагдах боломжтой вэ?

Банкинд 20,0 сая хүртэл дүнтэй хадгаламж эзэмшиж буй бүх хүн үүнд үнэгүй хамрагдсан. Үүнээс өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчийн хадгаламжийнх нь 20,0 сая төгрөг даатгагддаг.

2017 оны байдлаар нийт хадгаламж эзэмшигчдийн 99,9 хувийнх нь хадгаламж даатгагдсан байдаг. Үүнээс 98,8% нь 20 сая хүртэл дүнтэй хадгаламж эзэмшигчид бөгөөд тэдний хадгаламж бүрэн даатгагджээ.

Тэгвэл “Хүмүүс яагаад үүнийг мэддэггүй билээ?”, гэсэн асуулт зүй ёсоор урган гарна.

Учир нь банк хадгаламж эзэмшигчдийн өмнөөс шимтгэлийг нь төлж, энэ даатгалд хамруулдаг учраас ихэнх хүн үүнийг мэддэггүй аж.

Үнэн хэрэгтээ бүх хүн уг даатгалд хамрагдсан байдаг байна.

Хүүхдийн хадгаламж яах вэ?

Та хүүхдэдээ хадгаламж нээгээд өөрөө өмнөөс нь гэрээ байгуулсан ч байсан “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-аар гуравдагч этгээд буюу хүүхдийн нэр дээрх хадгаламж тусдаа бие даасан байдлаар даатгагдана гэж заасан байдаг.

Хадгаламжийн даатгалын корпораци Mongo.mn сайт хамтран боловсруулав

Эх сурвалж: http://mongo.mn/c/217

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]