Монголын Банкны Холбоо (МБХ)-ны ээлжит XVIII чуулган 12 дугаар сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний үеэр банкны салбарыг хөгжүүлэхэд онцлох үүрэг гүйцэтгэн, бодит хувь нэмэр оруулсан шилдгүүдээ тодруулдаг билээ.
Энэ жилийн хувьд Хадгаламжийн даатгалын корпорациас анх удаа нэр дэвшин Нөхөн төлбөр бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирал Д.Баасандулам “Шилдэг Банкир-2023”-аар тодорлоо.
Тэрээр хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгон хөгжүүлэхэд эхнээс нь гар бие оролцсон бөгөөд хадгаламжийн даатгалын тогтолцооны үүсэл хөгжил болон өнгөрсөн 10 жилийн түүхтэй салшгүй холбоотой нэгэн юм.
Энэ хугацаанд Хадгаламж банкны актив, пассивыг Төрийн банкинд шилжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж ажилласан.
Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо болон Банкны хяналт шалгалт Базелийн хорооноос гаргасан Үр дүнтэй хадгаламжийн даатгалын тогтолцооны үндсэн зарчмуудын дагуу Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчинд 2017 онд үнэлгээ хийлгүүлэх ажлыг зохион байгуулсан ба үнэлгээний дагуу “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад мөн оролцсон.
Корпорацид шинээр нэмэгдсэн чиг үүрэг болох хяналт шалгалтын цар хүрээ, холбогдох дүрэм журмуудыг боловсруулан, арилжааны банкнуудад зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх үйл ажиллагааг жигдрүүлсэн.
Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Үндсэн зарчим, судалгааны хорооны дэргэдэх Нөхөн төлбөрийн техникийн хорооны гишүүнээр нэр дэвшин сонгогдон ажиллаж байгаа бөгөөд “Хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгоход тулгарч буй сорилтууд, сайжруулах арга зам, цаашдын чиг хандлага: Одоо болон ирээдүйд” сэдэвт судалгааны ажлыг хамтран боловсруулсан нь 2023 оны 10 сард нийтлэгдсэн юм.
Д.Баасандулам захиралдаа Хадгаламжийн даатгалын корпорацийн хамт олны өмнөөс баяр хүргэж талархал дэвшүүлье!