Хадгаламжийн даатгалын корпораци Бүгд Найрамдах Киргиз Улсын Хадгаламжийн хамгаалалтын агентлаг (Deposit Protection Agency of the Kyrgyz Republic)-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг 2024 оны 02-р сарын 27-ны өдөр үзэглэлээ. Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын ордонд болсон уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга Акылбек Жапаров болон албаны бусад төлөөгчид оролцсон бөгөөд Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Ази бүсийн хорооны дарга С. Баатарсүрэн болон Киргиз Улсын Хадгаламжийн хамгаалалтын агентлагийн гүйцэтгэх захирал Кадырбек Букуев нар банк санхүүгийн салбарт хадгаламжийн даатгалын тогтолцоог олон улсын стандартын дагуу хамтран хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд хадгаламжийн даатгалыг бодлогоор дэмжих хоёр талын уулзалт зохион байгуулах, мэдээлэл солилцох, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах юм.
Энэхүү арга хэмжээний дараа Киргизийн Үндэсний банкны дэд дарга Манас Жакыпов Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбооны удирдлага болон бусад төлөөлөгчдийг Үндэсний банкны байранд хүлээн авч уулзаж, хоёр улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, санамж бичгийн хүрээнд хамтарч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов.