Мэдээ

Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбооны жилийн уулзалт, Олон улсын семинар Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо(ОУХДХ)-ны Евро-Ази бүсийн хорооны жилийн уулзалт болон “Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвтэй Олон улсын семинар Улаанбаатар хотод 6-р сарын 28-аас 30-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдана. Тус хуралд оролцохоор дэлхийн 18 орны 40 орчим зочид, төлөөлөгчид, Монгол улсаас Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, мөн арилжааны банкнууд болон Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллагуудын төлөөлөл болох нийт 100 гаруй зочид ирж оролцоно.

Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбооны Евро-Ази бүсийн хорооны жилийн уулзалт, Олон улсын семинарт оролцогч орнууд

Дэлхий даяар 146 оронд хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаагаас 94 орон нь ОУХДХ-ны үндсэн гишүүнээр ажиллаж байна. Харин манай улсын хувьд 2013 онд 72 дахь үндсэн гишүүнээр элсэн орсон. Холбооны гишүүд нь газар зүйн байршлаараа 8 бүсэд хуваагддаг бөгөөд Монгол улсын Хадгаламжийн даатгалын корпораци 2013 онд Ази-Номхон далайн бүсийн хороонд, 2016 онд Евро-Ази бүсийн хороонд тус тус гишүүнээр орон ажиллаж байна.   

Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн 2022 оны 6 сард ОУХДХ-ны Евро-Ази бүсийн хорооны хурлаар тус хорооны даргаар сонгогдон 3 жилийн хугацаатайгаар томилогдоод байгаа.  Тус бүсийн хорооны даргын үндсэн чиг үүрэг нь бүсийн нийтлэг сонирхолд нийцүүлэн бүс нутгийн хадгаламжийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулах, түүнчлэн бүсээ төлөөлөн хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг ОУХДХ-ны Удирдах зөвлөлд танилцуулж, бүсийн хэмжээнд тулгамдаж буй асуудалд санал, хүсэлтээ гаргах, бүс нутгийн стратегийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх зорилгоор жил бүр хурал, семинар зохион байгуулах юм. Иймд Хадгаламжийн даатгалын корпораци нь энэ жилийн ОУХДХ-ны Евро-Ази бүсийн хорооны жилийн хурал болон “Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвтэй Олон улсын семинарыг эх орондоо зохион байгуулж, хадгаламжийн даатгалын тогтолцоо  өндөр хөгжсөн улсуудын туршлагаас судалж үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.  

Олон улсад хадгаламжийн даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо ижил хувиар, эрсдэлд суурилсан ялгавартай хувиар, холимог аргаар гэсэн 3 хэлбэрийг ашиглаж байна. Монгол улсын тухайд өнгөрсөн 10 жилийн хугацаанд гишүүн банкнуудаас хадгаламжийн даатгалын хураамжийг ижил хувиар тооцон татан төвлөрүүлж ирсэн.

Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбооноос гаргасан 2022 оны судалгаанд нийт 105 хадгаламжийн даатгалын байгууллага хамрагдсанаас 52 нь ижил хувиар, 43 нь ялгавартай хувиар, 10 нь холимог хэлбэрийн хураамжийн тогтолцоог хэрэгжүүлж байна.

Эрсдэлд суурилсан ялгавартай хураамжийн тогтолцоо нь банкны эрсдэлийн түвшнийг үнэлж, тухайн түвшинд харгалзах хувиар хураамж татан төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл өндөр эрсдэл бүхий банкнууд өндөр хувиар, бага эрсдэл бүхий банкнууд бага хувиар хураамж төлөх юм. Банкнуудын эрсдэлийг үнэлж, эрсдэлийн түвшинд хамаарах хураамжийн хувийг тогтоож, татан төвлөрүүлэх нь банкнуудад эрсдэлээ бууруулах хөшүүрэг болох юм. Үүгээр зогсохгүй банк бүрийн эрсдэлд тулгуурласан шаталсан тогтолцоог бий болгож байгаа нь эрсдэлийн түвшин ялгаатай банкнуудад шударга, тэгш байдлыг цогцлоож, цаашлаад санхүүгийн тогтвортой байдлыг хангахад томоохон хүчин зүйл болдог. Учир нь татан буугдах магадлалтай, санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй банкнуудаас бусад үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй банкнуудтай харьцуулахад өндөр хувиар хураамж татан төвлөрүүлэх нь банк санхүүгийн сахилга батыг сайжруулах, Морал хазард /ёс суртахууны аюул/-ыг бууруулах зэрэг ач холбогдолтой тул Олон улсад тус тогтолцоог нэвтрүүлэх чиг хандлага өссөөр байгаа юм. Иймээс манай Хадгаламжийн даатгалын корпораци нь эрсдэлд суурилсан хураамжийн тогтолцоонд шилжихээр төлөвлөн, бэлтгэл ханган ажиллаж байна.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]