Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо (ОУХДХ)-ны Евро-Ази бүсийн хорооны жилийн уулзалт Улаанбаатар хотод Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Тус уулзалтыг нээж Монголын Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны дарга, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн мэндчилгээ дэвшүүлж, ОУХДХ-ны Евро-Ази бүсийн хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн нар үг хэллээ. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цахимаар оролцож нийт оролцогч нарт талархлын үг хэлэв.
Тус уулзалтын үеэр “Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвтэй Олон улсын семинар зохион байгуулагдаж байгаа ба ОУХДХ-ны Ази-Номхон далайн бүсийн хорооны дарга, Япон улсын Хадгаламжийн даатгалын корпорацийн дарга Хиденори Мицуи, АНУ-ын Холбооны хадгаламжийн даатгалын корпорацийн Олон улсын хадгаламжийн даатгалын бодлого, дэмжлэг хариуцсан дарга Эдвард Гарнетт, Тайвань улсын Хадгаламжийн даатгалын корпорацийн бизнесийн газрын дарга Лиза Ши, Унгар улсын Хадгаламжийн даатгалын үндэсний сангийн гүйцэтгэх захирал Андрас Комар, ОУХДХ-ны техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх шинжээч Хуан Лопез, БНСУ-ын Хадгаламжийн даатгалын корпорацийн Олон улсын хамтын ажиллагааны газрын туслах менежер Менг Кёнг нар ялгавартай хураамжийн тогтолцоог нэвтрүүлсэн туршлага, хэрэгжүүлэх үйл явц, шилжих алхмууд, эрсдэлийн үнэлгээ хийх, хураамжийн хувь хэмжээг тооцох аргачлал, мэдээлэл технологийн системийн үр ашигтай дэд бүтцийг бий болгох, хэрхэн ашиглах талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.
Семинарын дараа Монголын Хадгаламжийн даатгалын корпораци Узбекистан улсын Банкин дахь иргэдийн хадгаламжийн баталгааны сан болон Казахстаны Хадгаламжийн даатгалын сантай тус тус хоёр талын “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг” /MOU/ байгуулж, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Узбекистан улсын Банкин дахь иргэдийн хадгаламжийн баталгааны сангийн захирал Нодир Аббосов, Казахстаны Хадгаламжийн даатгалын сангийн дарга Адиль Утембаев нар гарын үсэг зурлаа.
Санамж бичигт хадгаламжийн даатгалын тогтолцооны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, уулзалтуудыг зохион байгуулах, олон нийтэд нээлттэй мэдээлэл солилцох, хадгаламжийн даатгалын тогтолцоог удирдах чиглэлээр харилцан мэдлэг, туршлагаа хуваалцахын тулд ажилтан солилцооны чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлуудыг тусгасан байна.
Узбекистаны Банкин дахь иргэдийн хадгаламжийн баталгааны сан нь 2002 онд байгуулагдсан ба ОУХДХ-нд 2021 оны 12 сард үндсэн гишүүнээр элссэн, Евро-Ази бүсийн хорооны шинэ гишүүн орон юм.
Казахстаны Хадгаламжийн даатгалын сан нь 24 жилийн түүхтэй, Евро-Ази бүсийн ялгавартай хураамжийн тогтолцоог нэвтрүүлсэн улс юм.