Мэдээ

Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо (IADI)-ны 21 дэх удаагийн ээлжит хурал болж байна.

Хадгаламжийн даатгалын корпорацийн төлөөлөл Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо (IADI)-ны 21 дэх жилийн ерөнхий хуралд оролцож байна.

Аргентин Улсын Буэнос-Айрес хотноо энэ сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй хурлуудад Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн нь Евро-Азийн бүсийн хорооны дарга болон Монгол Улсын ХДК-ийн удирдлагын хувиар оролцож байна.

Евро-Азийн бүсийн хорооны даргаар сонгогдсоноос хойших анхны хурлаа даргалж, амжилттай зохион байгуулсан бөгөөд хурлаар бүсийн хорооны Дэд дарга Киргиз Улсын Хадгаламж хамгаалах агентлагийн удирдлага болон шинээр томилогдсон Гүрж Улсын Хадгаламжийн даатгалын агентлагын даргыг гишүүдэд танилцууллаа. Хурлын үеэр тайлант хугацаанд гишүүн улсуудын хийсэн голлох ажлуудыг хэлэлцэж, хэрхэн харилцан туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах талаар хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын ХДК-ийн хийсэн ажлуудыг танилцуулж, бүсийн үйл ажиллагаа цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцов.

ХДК нь Ази Номхон Далайн Бүсийн Хороо (АНДБХ)-ны Стратегийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөний хамтарсан ажлын хэсгийн гишүүн бөгөөд тус хурлаар 2026 он хүртэлх ажлын төлөвлөгөө болон ОУХДХ-ны төлөвлөгөөнд хэрхэн нийцэж буй талаар хэлэлцлээ. Мөн гишүүдийн цаашдын анхаарах асуудлуудыг хэлэлцэж, нэгдсэн дүгнэлтэд хүрэв.

АНДБХ-ны хурлаар Монгол Улсын ХДК хийгдсэн гол ажлуудаа тайлагнасан бөгөөд  бүсийн гишүүн байгууллагын удирдлагууд Хадгаламжийн даатгал болон санхүүгийн тогтолцоо дижиталчлагдан хувьсахад хэрхэн бэлдэж байгаа талаар хэлэлцүүлэг хийв.

Уг хурлын үеэр ОУХДХ-ны Ерөнхийлөгч болон 8 бүсийн хорооны дарга нар уулзсан бөгөөд тус уулзалтаар бүсүүд хамтран ажиллах боломж, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан тулгарч буй асуудлууд, бүсийн ажлуудыг хэрхэн ОУХДХ-ны зорилтуудтай нийцүүлэх, гишүүн улсуудын хэрэгцээ, Үндсэн зарчмын нийцэл болон шинэчлэлийн ажил дээр гишүүдийн гаргасан саналыг хэлэлцэв.

Түүнчлэн Санхүүгийн хоршоодын техникийн хороо, Санхүүгийн технологийн /Финтек/ техникийн хороо, Нөхөн төлбөрийн техникийн хороо, Үндсэн зарчим судалгааны зөвлөлийн хороо, Аудит болон эрсдэлийн зөвлөлийн хороо болон Гишүүдийн харилцааны зөвлөлийн хороодуудын хуралд амжилттай оролцлоо.

MN

Add Your Heading Text Here