News

Хямралын дараа хадгаламжийн даатгалын тогтолцоог эрчимтэй нэвтрүүлж эхэлсэн

Хадгаламжийн даатгалын корпорациас татан буугдсан Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох болсноор иргэд хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар багагүй мэдээлэлтэй болсон. Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаа, олон улсын туршлагын талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорацийн Судалгаа, Эрсдэлийн үнэлгээний хэлтсийн Ахлах мэргэжилтэн Д.Баасандуламтай ярилцлаа.

-Хадгаламжийн даатгалын тогтолцоо, түүний ач холбогдлын талаар яриагаа эхэлье. Манай улсад энэхүү тогтолцоо хэрхэн хөгжиж байна вэ?

-Хадгаламжийн даатгал гэж иргэд, хуулийн этгээдийн хадгаламжийг татан төвлөрүүлдэг байгууллага болох банкны төлбөрийн чадвар муудаж, дампуурсан тохиолдолд хадгаламж эзэмшигчдийг алдагдлаас хамгаалдаг тогтолцоо. Энэхүү тогтолцоо нь санхүүгийн мэдлэг мэдээлэл багатай жижиг хадгаламж эзэмшигчдийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, мөн цаашлаад иргэд нэгэн зэрэг банкнаас хадгаламжаа татах үзэгдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг. Анх 2008 онд УИХ-ааc “Банкин дахь мөнгөн хадгаламжийн баталгааны тухай хууль”-ийг дөрвөн жилийн хугацаатайгаар баталж байсан. Энэ хуулийн зорилго нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагчийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой байсан бөгөөд иргэдийн хадгаламжид төрөөс хязгааргүй буюу 100 хувь баталгаа гаргаж байсан. Нэг ёсондоо төр бүх эрсдэлийг үүрдэг байсан гэсэн үг. Ингэж хязгааргүй баталгаа гаргах нь богино хугацаанд үр дүнгээ өгдөг ч урт хугацаанд улсын төсөвт хүндрэл учруулах эрсдэлийг дагуулдаг. Тиймээс ихэнх орнууд хязгааргүй баталгаа гаргадаг тогтолцооноос хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоонд шилжсэн байдаг.

Манай улсын хувьд дээрх хуулийн үйлчлэх хүрээ 2012 онд дуусаж, 2013 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийг баталж байсан. Энэхүү шинээр батлагдан гарсан хуулийн зорилго нь банкин дахь хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Тус хуулиар хадгаламжийн даатгалын болон сангийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулж өгсөн бөгөөд мөн оны зургаадугаар сард энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх Хадгаламжийн даатгалын корпорацийг байгуулсан. Энэ тогтолцооны гол зарчим нь хадгаламж эзэмшигчдийн хохирлыг банкуудаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөр барагдуулах тул татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулах асуудлыг эцэслэж байна гэсэн үг.

-Банкуудын төлдөг хураамжийн талаар тодорхой мэдээлэл өгөөч. Иргэд даатгуулахын тулд ямар нэг мөнгө төлөх ёстой юу?

-Иргэдийн зүгээс ямар нэг хураамж төлөхгүй. Энэ нь албан журмын даатгалын тогтолцоо бөгөөд төрөөс зохицуулалттай. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх арилжааны банкууд бүгд заавал даатгуулах ба даатгалын хураамжийг иргэдийн өмнөөс банк манай байгууллагад улирал бүр төлснөөр хадгаламжийн даатгалын сан бүрдэж байдаг. Харин банкыг татан буулгаж, даатгалын тохиолдол бий болоход манай сангаас хадгаламж эзэмшигчдийн тухайн банкин дахь харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл, түүнд бодогдсон хүүгийн хамт 20 сая төгрөгөөр хязгаарлан нөхөн төлбөр олгодог.

-Танай байгууллага нөхөн төлбөр олгохоос өөр ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?

-Олон улсад хадгаламжийн даатгалын корпорациудыг чиг үүргээс нь хамааруулан дөрөв ангилдаг. Манай улсын хувьд paybox plus буюу нэмэлт эрхтэй төрөлд хамаардаг. Энэ нь нөхөн төлбөр олгохоос гадна нэмэлт чиг үүргийг хэрэгжүүлдэг гэсэн үг. Корпорацийн хувьд даатгалын хураамжийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу удирдах, сангийн эрсдэлийг үнэлэх зорилгоор банкны эрсдэлийг үнэлэх, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үеэр санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Мөн нэмэлтээр банкуудаас тайлан мэдээ авах, эрсдэлээр тохируулсан хураамж тогтоох, банкуудад хяналт шалгалт хийх эрхтэй. Харин хадгаламжийн даатгалын тогтолцоо өндөр хөгжсөн улс орнуудын хувьд банкны хүндрэлийг шийдвэрлэхэд оролцох оролцооноос хамааран алдагдлыг бууруулах, эрсдэлийг бууруулах гэх мэт өргөн чиг үүрэгтэй байдаг.

-Ер нь манай улсын хадгаламжийн даатгалын тогтолцоо бусад улс оронтой харьцуулахад ямар түвшинд байгаа вэ?

-Хамгийн анхны Хадгаламжийн даатгалын корпораци 1933 онд АНУ-д байгуулагдаж байсан. Түүнээс хойш Канад, Япон зэрэг орнууд тус тогтолцооны ач холбогдлыг ойлгон нэвтрүүлж эхэлсэн байдаг. Харин 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа дэлхийн улс орнууд хадгаламжийн даатгалын тогтолцоог улс орондоо эрчимтэй нэвтрүүлж эхэлснээр өдгөө 160 гаруй улсад энэ тогтолцоо бий болоод байна. Өмнө дурдсанчлан зарим орны чиг үүрэг маш өргөн хүрээтэй байдаг. Үүний нэг жишээ нь корпорациуд нь өөрсдөө хяналт шалгалт хийж, банкинд тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрхтэй байдаг бөгөөд банкинд хүндрэл бий болоход цаг тухайд нь оролцоод шийдвэрлээд явдаг буюу банкийг өөрчлөн байгуулах эрхтэй байдаг. Мөн зарим улсын хадгаламжийн даатгалын корпораци нь банкнаас гадна ББСБ, ХЗХ, ҮЦК, даатгалын компанийг даатгадаг. Тэдгээр олон жилийн туршлагатай өндөр хөгжсөн орнуудтай эн зэрэгцэх болоогүй ч бидний хувьд өөрсдийн чиг үүргийнхээ хүрээнд олон улсад хэрэгждэг дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөөд, тэдгээр туршлагатай улсуудаас алдаа оноог нь суралцаад үйл ажиллагаагаа сайжруулаад явж байна.

Хадгаламжийн даатгалын тогтолцооны стандартыг тогтоодог Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо (IADI) гэж байдаг. Анх 2002 онд 25 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 100 гаруй гишүүдтэй үүнээс 84 үндсэн гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс 2013 онд тус холбооны 72 дахь үндсэн гишүүнээр элссэн бөгөөд тус холбооноос гаргаж буй стандарт шаардлагыг баримтлан ажилладаг. Тухайлбал манайх 2017 онд ОУХДХ болон Базелын хорооноос хамтран гаргасан “Үр дүнтэй хадгаламжийн даатгалын тогтолцооны үндсэн зарчим”-ын дагуу өөрийн үйл ажиллагаа болон хууль эрх зүйн орчинд үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний үр дүн, холбогдох зөвлөмжийн дагуу олон улсын туршлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа сайжруулан ажиллаж байна. Үүний нэг жишээ бол 2018 онд банкны салбарын хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэнээр манай байгууллага Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн болсон. Банкны зүгээс манай корпорацид мэдээ, мэдээлэл гаргаж өгөх үүргийг тодорхой болгосон, өөрийн үйл ажиллагаатай холбоотойгоор банкинд хяналт шалгалт хийх эрх бий болсон.

-Хадгаламжийн даатгалын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэхийн тулд танай корпорацийн зүгээс юун дээр түлхүү анхаарч ажиллаж байна вэ?

-Дээр дурьдсан хуулийн нэмэлт өөрчлөлт болон бидэнд олгогдсон чиг үүрэгтээ бүрэн хүрч ажиллах нь бидний зорилтуудын нэг. Тиймээс ОУХДХ-ны үндсэн 16 зарчмыг дагаж мөрдөх, үнэлгээний дагуу бидэнд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхийг зорьсоор байгаа. Нэн тэргүүнд нэг харилцагчийн зарчим буюу SCV загварын дагуу арилжааны банкуудаас мэдээлэл авах үйл ажиллагааг тогтмолжуулж, нөхөн төлбөрийн тооцооллыг нарийвчлан хийдэг болохыг зорьж байна. Мөн нөхөн төлбөрийн программ хангамжийг хөгжүүлж, тооцооллыг автоматжуулан нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг түргэн шуурхай хийх боломжийг бүрдүүлэх нь юуны өмнө чухал байна. Цаашлаад Сангийн зорилтот түвшинг тогтсон аргачлалын дагуу тооцоолох, түүнтэй уялдуулан эрсдэлд суурилсан хураамжийн системийг нэвтрүүлэх шаардлагатай бөгөөд нэвтрүүлэх урьдач нөхцөлүүд, суурь судалгааг хийж байна.
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд 2018 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон банкуудад хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлэх, хүндрэлийн үед хэрэгжүүлэх нөөц төлөвлөгөөтэй болох зэрэг олон ажлууд хийхээр төлөвлөж байна. Мэдээж эдгээр ажлуудыг хийхэд тооцоо, судалгаа, багагүй цаг хугацаа шаардагдах төдийгүй арилжааны банкууд, Монголбанктай хамтран ажиллах шаардлага гарна. Эдгээрээс гадна банкны салбарт итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх нь бидний гол зорилтуудын нэг. Тиймээс иргэдийн санхүүгийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг сайжруулах ажлыг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

EN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]