News

“Капитал банкны 5,277 хадгаламж эзэмшигчид 17.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна”

“Капитал” банкийг албадан татан буулгасантай холбогдуулан Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Хадгаламжийн даатгалын корпорациас тус банкны хадгаламж эзэмшигчдэд 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөр олгох ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорацийн Дэд захирал С.Дамдиндоржоос Капитал банкинд харилцах болох хадгаламжтай байсан иргэдийн нөхөн төлбөр олгох ажлын явцын талаар тодрууллаа. </h₮>

-Нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа ямар явцтай байна вэ. Өнөөдрийн байдлаар хэчнээн хадгаламж эзэмшигчдэд хэдий хэмжээний нөхөн төлбөр олгов?

-Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг ХААН банкаар дамжуулан өнгөрсөн Баасан гарагаас буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн олгосон. Энэ сарын 24-ний байдлаар 5,277 хадгаламж эзэмшигчийн 17.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.

-Хувь хүний данснаас гадна байгууллагын данс даатгагдсан уу?

-Тийм. Иргэн болон хуулийн этгээдийн 20 сая хүртэлх төгрөг даатгагдсан байгаа. Хуулийн этгээд болох компаниудын харилцах, хадгаламж гэсэн үг. Хуулийн этгээд нөхөн төлбөрөө нэхэмжлэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувьтайгаа ирэх шаардлагатай. Гэхдээ үүнд зарим төрлийн хуулийн этгээд орохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Нөхөн төлбөрийн тооцооллын талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу, Капитал банкны эрх хүлээн авагчаас хэдий хугацаанд мэдээлэл танайд шилжиж ирээд байна вэ?

-Монголбанкнаас томилогдсон Банкны эрх хүлээн авах зөвлөл нь Капитал банкны санхүүгийн тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авч, холбогдох мэдээллийг Хадгаламжийн даатгалын корпорацид ирүүлсэн. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкны эрх хүлээн авагчаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн хадгаламж эзэмшигч нэг бүрийн нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолон нөхөн төлбөр олгох жагсаалтыг гаргаж, холбогдох санхүүжилтийн хамт Хаан банканд шилжүүлж нөхөн төлбөр олгох ажиллагааг эхлүүлсэн.

Капитал банканд нийт 439,322 харилцагч байгаагаас харилцах, хадгаламж эзэмшдэг 269,228 харилцагч, эдгээрээс 260,189 нь даатгалд хамрагдсан байна. Хадгаламжийн даатгалын корпорациас эдгээр 260,189 иргэн, хуулийн этгээдийн 39.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн мөнгийг ХААН банканд шилжүүлсэн бөгөөд улмаар ХААН банк энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Цаашид түдгэлзсэн, холбогдох этгээдэд бүртгэгдсэн, мөн мэдээллийн зөрүүтэй байдлаас болж нөхөн төлбөр олгох жагсаалтад багтаагүй иргэдийн мэдээллийг шалган, холбогдох санхүүжилтийг хийхээр ажиллаж байна.

-Нөхөн төлбөр олгох ажлыг зохион байгуулахад ямар хүндрэл гарч байна вэ?

-Дээр дурдсанчлан энэ олон мянган харилцах, хадгаламж эзэмшигч нэг бүрийн нөхөн төлбөрийг тооцоолохын тулд бид тухайн хадгаламж эзэмшигчийн бүх дансыг нэгтгэх, татан буугдсан өдрийн байдлаар хуримтлагдсан хүүг тооцоолох, мөн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу даатгалд хамаарахгүй этгээдийг хасах зэргээр маш нарийн тооцооллын ажлууд хийгдэж байгаа учраас цаг хугацаа их орж байна. Энэ нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа маань анх удаа хийгдэж байгаа учраас аль аль талдаа анхаарвал зохих зүйлүүд гарч байна. Гэсэн хэдий ч бид Монголбанк, Банкны эрх хүлээн авах зөвлөл болон ХААН банктай хамтран энэ үйл ажиллагааг аль болох шуурхай зохион байгуулаад явж байна.

-Та сая даатгалд хамаарахгүй этгээд гэлээ. Энэ талаар тодруулаач?

-Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу зарим төрлийн хадгаламж эзэмшигчийг даатгалд хамруулдаггүй. Тухайлбал, банк, түүний холбогдох этгээд, сүүлийн гурван жилийн хугацаанд тус банкны санхүүгийн тайланд аудит хийсэн компани гэх зэрэг заалтууд бий.

-Данс нь нээгдээгүй, эсхүл түдгэлзсэн төлөвт байгаа иргэдийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ гэсэн. Яаж гомдлоо өгөх вэ?

-Хэрвээ таныг холбогдох этгээдийн жагсаалтад орсон байна, таны данс түдгэлзсэн байна гэх зэрэг мэдээллийг өгвөл гомдлоо ХААН банкаар дамжуулан манайд гаргаж болно. Бид шалгаад, шаардлагатай бол Банкны эрх хүлээн авах зөвлөлд дамжуулан шийдвэрлүүлээд эргээд хариу өгнө. Иймд тодорхой цаг хугацаа шаардана.

Эдгээрийг тодорхойлоход хүндрэлтэй, цаг хугацаа их орж байгаа учраас бид аль болох олон нийтэд нөхөн төлбөрийг шуурхай олгож эхлэхийн тулд банкны бүртгэлийн дагуу даатгалд хамаарахгүй этгээд болон түдгэлзсэн жагсаалтыг шууд хасаад үлдсэн иргэн, хуулийн этгээдэд нөхөн төлбөрийг олгоод явж байгаа. Манай хүмүүс энэ төрлийн жагсаалтууд дээр ажилласаар байгаа тул гомдлоо гаргаад шийдвэрлүүлээд явж болно.

Данс нээгдээгүй гэсэн тохиолдлын хувьд зарим хүний мэдээлэл зөрүүтэй байсан тул данс нээх боломжгүй тохиолдлууд гарсан. Тиймээс ХААН банканд хандаад нээгдээгүй бол бичиг баримтаа шалгуулаад дансаа нээлгээд явах юм.

-Иргэдийн хувьд нөхөн төлбөр олгож байгаа үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хаанаас яаж мэдэх боломжтой вэ?

-Нөхөн төлбөр олгож эхлэх өдөр болон холбогдох мэдээллийг Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, ХААН банк өөрсдийн цахим хуудас болон фэйсбүүк хуудсаараа олон нийтэд мэдэгдсэн. Түүнчлэн өдөр тутмын сонинуудаар дамжуулж мэдээлэл хүргэсэн. Ихэнх хадгаламж эзэмшигч Хадгаламжийн даатгалын корпорацийн лавлах утас болох 11-370-000 дугаарт холбогдож нэмэлт мэдээлэл авч байгаа.

-Нөхөн төлбөр олгох ажил хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Хуулийн дагуу татан буугдсан банкны даатгагдсан хадгаламж эзэмшигч нь нөхөн төлбөрийг гурван жил хүртэлх хугацаанд нэхэмжлэх эрхтэй. Тиймээс гадаадад байгаа болон ойрын хугацаанд нөхөн төлбөрөө авах боломжгүй байгаа хүмүүс сандрах зүйл байхгүй.

– Гадаадад байгаа харилцах, хадгаламж эзэмшигч итгэмжлэлээ яаж гаргах вэ?

-Гадаадад оршин суугаа иргэн харьяа Элчин сайдын яаманд хандаж, итгэмжлэл гаргах боломжтой бөгөөд Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан ХААН банкнаас нөхөн төлбөр авна. Итгэмжлэлийн загварыг харахыг хүсвэл Хадгаламжийн даатгалын корпорацийн цахим хуудас болох www.dicom.mn –д байршуулсан байгаа.

-Валютын хадгаламжтай хүмүүс хэр их байгаа вэ. Энэ хүмүүсийн нөхөн төлбөрийг хэрхэн тооцож олгох вэ. Зөвхөн төгрөгөөр нөхөн төлбөр олгож байна уу?

-Нөхөн төлбөрийг төгрөгөөр олгоно. Хэрэв тухайн харилцагч ам.долларын, эсхүл юаний гэх зэрэг гадаад валютын данстай бол банк татан буугдсан өдрийн буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн Монголбанкны ханшаар тооцож, төгрөгт шилжүүлнэ. Ингэхдээ Капитал банканд байгаа нийт харилцах, хадгаламжийн дүн, гэрээний дагуу бий болсон хуримтлагдсан хүүгийн орлогын дүнг нөхөн төлбөр олгох нөхцөл үүссэн өдрөөр нэгтгэнэ гэсэн үг.

-Хүүхдийн хадгаламж 20 саяар хязгаарлахгүй гэж хуулинд заасан байсан. Энэ нь бусад хадгаламжаас юугаараа өөр вэ?

-Насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрх тухайн хадгаламжийг бусад этгээдтэй хамтран эзэмшиж байгаагаар хязгаарлагдахгүй гэж хуулинд заасан байгаа. Учир нь хүүхдийн нэр дээр шууд данс нээх боломжгүй, заавал хууль ёсны асран хамгаалагчтайгаа хамтран данс нээлгэдэг учраас түүнээс нь болоод хүүхдийн нөхөн төлбөрөө авах эрх зөрчигдөж болохгүй гэсэн санаа.

Тиймээс насанд хүрээгүй хүүхэдтэй хамтран эзэмшиж буй дансны хувь хүүхдэд 20 сая хүртэлх болон хамтран эзэмшигчид нь 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр олгож байгаагаар бусад хамтран эзэмшигчийн данснаас ялгаатай юм. Ингэхдээ мэдээж хамтран эзэмшигчийн бүх дансууд нийлээд 20 сая төгрөгөөс хэтрэхгүй гэдэг зарчим хэвээрээ үйлчилнэ.

-Хамтран харилцах болон хадгаламж эзэмшдэг иргэдийн хувьд нөхөн төлбөрөө авахын тулд юуг анхаарах хэрэгтэй байна вэ?

-Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх нийт даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая хүртэлх төгрөг байна. Хамтарсан данс эзэшигчдийн хувьд эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд нөхөн төлбөрийг тэнцүү хуваан тооцож олгоно гэж заасан байдаг. Тиймээс энэ тохиолдолд заавал хамт ирж, өргөдөл бөглөн нөхөн төлбөрөө авах шаардлагатай. Хэрвээ хамт ирэх боломжгүй бол нотариатын газар хандаж, итгэмжлэлээ батлуулан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нөхөн төлбөрөө авна. Хуульд заасны дагуу хадгаламж эзэмшигчийн дангаараа болон хамтарсан дансны эзэмшдэг даатгагдсан хадгаламжийн нийт дүн мөн 20 сая төгрөгөөс илүүгүй байна.

-20 сая төгрөгөөс дээш харилцах, хадгаламжтай хүмүүс бухимдалтай байх шиг байна. Ер нь яагаад ингэж хязгаарлаж байгааг тайлбарлаж өгөөч.

-Хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа нь өөрөө олон улсад жишиг болсон, сонгодог тогтолцоо юм. Энэ ч утгаараа дэлхийн олон оронд туршигдаад, алдаа оноогоо мэдээд, алхам бүртээ сайжруулаад ирсэн тогтолцоо гэсэн үг. Үүнээс өмнө улс орон хязгааргүй баталгаа гаргаж байсан. Өөрөөр хэлбэль хадгаламж эзэмшигчдийн бүх мөнгийг даатгадаг тогтолцоо бөгөөд манай улс ч 2008-2012 онд ийм тогтолцоотой байсан. Энэ нь хямралын үед иргэдийн банкны системд итгэх итгэлийг маш хурдан хугацаанд хадгалан үлдэж чаддаг ч урт хугацаандаа морал хазардыг нэмэгдүүлэх буюу банк эрсдэлтэй үйлдлүүд хийж, эргээд банкны системдээ сөрөг үр дагавартай байдаг.

Тиймээс дийлэнх хадгаламж эзэмшигчийг хамарсан, ялангуяа санхүүгийн мэдлэг, мэдээлэл багатай жижиг хадгаламж эзэмшигчдийг хамгаалсан хязгаарлагдмал халгаламжийн даатгалын тогтолцоонд дэлхий нийтээрээ шилжиж ирсэн нь манайд 2013 онд бий болсон энэхүү хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа юм.

Нөгөө талаар, даатгалын хамрах хүрээ нь Хадгаламжийн даатгалын сантай уялдаж байдаг. Даатгах хадгаламжийн хэмжээ нэмэгдэх тусам даатгалын тохиолдол бий болоход төлөх нөхөн төлбөр буюу санд учрах хохирол нэмэгдэж байдаг. Гэтэл эргээд Хадгаламжийн даатгалын санг бүрдүүлэн бэлэн байдлыг хангасан байх шаардлага тулгардаг.

Манайд даатгалын хамрах хүрээ болох 20 сая төгрөг нь нийт хадгаламж эзэмшигчдийн 99 хувийг хамарч байгаа учраас дийлэнх олонхыг бүрэн хамгаалах зорилтдоо хүрч байна. Харин сангийн хувьд энэ оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт хадгаламжийн 1.91 хувь, даатгагдах хадгаламжийн 8.47 хувьтай тэнцэж байна. Одоогийн байдлаар бид Хадгаламжийн даатгалын санг нийт хадгаламжийн дөрвөн хувьд хүргэхийг зорин ажиллаж байгаа тул цаашид санг нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр байгаа юм.

Капитал банкны хувьд 99.5 хувь нь 20 сая төгрөг хүртэлх хадгаламж эзэмшигч байсан ба үлдсэн 0.5 хувь нь 20 саяас дээш дүнтэй хадгаламж эзэмшигч байгаа. Мэдээж 20 сая төгрөгөөс дээш давсан хадгаламж эзэмшигчийн хувьд үлдсэн мөнгөө авахад цаг хугацаа шаардаж байгаа учраас бухимдах нь аргагүй байх. Банкны эрх хүлээн авах зөвлөл энэ тал дээр санаа тавин ажиллана гэж бодож байна.

EN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]