Олон улсын хадгаламжийн даатгал

Олон улсын хадгаламжийн даатгал

Олон улсын хадгаламжийн даатгал

                                            Хадгаламжийн даатгалын системийн түүх

      Санхүүгийн салбар бий болоход чухал нөлөө үзүүлсэн мөнгөн тэмдэгтийн баялаг түүх, Дундад зууны үеийн Европын банкны үүсч хөгжсөн замнал, 17-р зууны дараа улс гүрнүүдэд дэлгэрсэн Төв банкны үүсэл зэрэгтэй харьцуулвал урт хугацааг туулаагүй ч өнөөгийн нийгэмд таамаглашгүй их хохирол учруулж буй Санхүүгийн хямралын эсрэг хэрэгжүүлж буй Хадгаламжийн даатгалын тогтолцоо нь Санхүүгийн систем дэх нэгэн чухал бүрэлдэхүүн юм.

    1929 оны 10 сард Нью-Йоркийн хөрөнгийн бирж уналтанд орж Дэлхий нийт Санхүүгийн хямралтай тулгарсан. Үүний эсрэг нэгдсэн бодлого, хэрэгжүүлэх оновчтой шийдэлгүйн улмаас гол цэг болох АНУ-д банк санхүүгийн сүйрэл, хадгаламж эзэмшигчид хадгаламжаа эргүүлэн татаж банкуудад урт дараалал үүсгэх буюу “bank run” үзэгдэл бий болсон юм. Тиймээс банкны салбарыг эрүүлжүүлэх, хадгаламж эзэмшигчдийг хамгаалахын тулд 1933 онд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Гласс-Стигалл”-ийн хуулийг баталж, хөрөнгө оруулалтын бизнесээс арилжааны банкыг тусгаарлах, олон нийтийн банкинд итгэх итгэлийг сэргээхийн тулд Хадгаламжийн даатгалын системийг АНУ банкны системдээ нэвтрүүлсэн билээ. Дараа жилээс нь Дэлхийн анхны албан ёсны хадгаламжийн даатгалыг хариуцан ажиллах Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци (FDIC) байгуулагдсан юм.

    Хадгаламжийн даатгалын системийг Дэлхийн 2-р дайны дараагаас 1970 он хүртэл Канад, Япон, Европын зарим улсууд нэвтрүүлсэн. Монгол улс нь 2013 оноос хадгаламжийн даатгалын системийг нэвтрүүлсэн дэлхийн 72 дахь улс болсон ба хөгжингүй орнуудын хэрэгжүүлж буй Олон улсын Хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэн үндсэн зарчмуудын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Даяарчлагдсан өнөөгийн нийгэмд Санхүүгийн хямрал аль ч улс оронд үүссэн хамаагүй тархалт нь хил дамнаж хямралын хэмжээ нь тив тивийг хамарч байна. Бидны хөрш улс болох БНХАУ мөн адил үүн дээр анхааран хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх тал дээр өнөөг хүртэл хэлэлцсээр байна.

 2007 оны зунаас АНУ-д хурцдаж эхэлсэн орон сууцны хөөсрөлийг дагаад “subprime mortgage” буюу санхүүгийн чадвар муутай хүмүүст зориулсан орон сууцны моргейжийн зээлийн асуудал болон 2008 оны 9 сарын “Леманы хямрал” (Нөлөө бүхий хөрөнгө оруулалтын банк болох Леман Бродерсын дампуурал) зэрэг үүсч, “100 жилд 1 удаа” гэгдэх Дэлхийн санхүүгийн хямрал газар авсан. Улмаар Хадгаламжийн Даатгалын Системийн чухал тал болон асуудлуудыг дахин  хэлэлцэх шаардлагад хүрсэн юм.

     Мөн түүнчлэн 2007 онд Их Британи улсын Northern Rock банкны хувьд 130 жилд тохиох банкнаас иргэд хадгаламжаа татах үзэгдэл бий болж үүний улмаас хадгаламжийг бүрэн даатгалд хамруулдаг баталгааны тухай хуульд тодорхой хязгаар тавьж морал хазардыг бууруулах зорилго бүхий бодлогуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд хадгаламжийн даатгалыг нэвтрүүлсэн улс 50 гаруй болж өргөжин, тэдний ихэнх нь 2010 оны сүүлээр даатгагдах хадгаламжид тодорхой хязгаар тавьж шинээр хадгаламжийн даатгалын мөнгөн дүнг тогтоох аргачлалыг шийдвэрлэсэн. Олон улсын туршлагаар даатгалын түвшинг нэг хүнд ногдох ДНБ-ээс 2-3 дахин өндөр байхаар тогтоодог болсон.

     Үүний дараагаар Европын холбооны Евро бүсийн нэгдсэн нэг мөнгөн тэмдэгтийн орнуудад “Sovereign Risk” (засгийн газрын өрийн хямрал) хурцдаж, санхүүгийн хямралын сөрөг гинжин асуудал анхаарал татаж эхэлсэн. Европын холбооны хил дамнасан үйл ажиллагаа явуулдаг олон тооны санхүүгийн байгууллагаас илүүтэйгээр хадгаламжийн даатгалын нэгдсэн дүрэм журам хангалтгүй байсантай уялдаж бүс нутаг доторх хадгаламжийн даатгалын тогтолцоог бэхжүүлэхийг зорилт болгож ажилlgсан. Европын холбоо цаашид бусад улсын хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх бус дотроо нэгдсэн нэг Сан байгуулж ажиллах талаар хэлэлцсэн.

    Харин АНУ 1934 онд Холбооны Хадгаламжийн даатгалын корпорацийг байгуулсны  дараа санхүүгийн хямралын үеийн туршлага дээр тулгуурлан судалгаа шинжилгээ явуулж эхэлсэн. Үүнд:

1.    1930 оны Дэлхийн санхүүгийн хямрал

2.    1980-1990 оны Хадгаламж болон Зээлийн холбооны удирдлага, үйл ажиллагааны хямрал

3.    Өнөөгийн Дэлхийн санхүүгийн хямрал гэсэн 3 үеийг авч судалж эхэлсэн.

     Үүний дотор S&L буюу хадгаламж зээлийн хямралын туршлага дээр үндэслэн Холбооны Хадгаламжийн даатгалын хуулинд  нэмэлт өөрчлөлт оруулж, Хямралыг эрт илрүүлж урьдчилан таамаглах, Санхүүгийн байгууллагын дампуурлын алдагдлыг бууруулах журам, Зардлыг бууруулах бодлогыг нэвтрүүлсэн. АНУ-д Хадгаламжийн байгууллагын  дампуурал нь 2009 онд 140, 2010 онд 157 тохиолдол гарч 1992 оноос хойш өндөр үзүүлэлттэй гэж тэмдэглэсэн байна. 2011 онд 92 тохиолдол, 2012 оны 4 сарын сүүл хүртэл 22 тохиолдол гарч бодлого хэрэгжиж эхэлснээс хойш даатгалын тохиолдол тооны хувьд өөрчлөлт гарч байна гэж шинжээчид үзэж байна.

     Хадгаламжийн Даатгалын Корпорацийн бүрэн эрхийн хүрээнд зөвхөн даатгагдсан хадгаламжийн нөхөн олговрыг хариуцдаг хязгаарлагдмал чиг үүрэг бүхий (“paybox”) хэлбэрээс банкны хүндрэлийг шийдвэрлэх, зайнаас зохистой харьцааны хяналт тавих зэргийг багтаасан нарийвчилсан чиг үүрэг бүхий “risk minimiser” буюу эрсдэлийг бууруулагч зэрэг олон төрлийн арга хэрэгслүүр бий. Өнөө цагт хуучин Европ бол өнгөрсөн үе, АНУ бол Ирээдүй гэж үзэж байна. АНУ-ын хадгаламжийн даатгалын тогтолцоо өмнө дурдсан шиг Санхүүгийн хямралын туршлага дээр үндэслэн цаашдын бодлогыг хөгжүүлж байна. Холбооны Хадгаламжийн даатгалын корпораци банкны хүндрэлийг шийдвэрлэх арга хэмжээг урьдчилан бэлтгэж хүндрэлийн үеийн нөөц төлөвлөгөө зэрэг бусад оронтой харьцуулахад илүү их хэмжээний төсөв гаргаж хямралын эсрэг арга хэмжээ авсаар байна.

 2010 оны 7 сард АНУ Санхүүгийн журамдаа өөрчлөлт оруулж “Додд-Франк”-ын хуулийг баталсан. Уг хууль нь өмнөх Гласс Стигаллын хуультай харьцуулвал агуулгын хувьд олон талаар шинэчлэл хийж даатгалын тогтолцоог дахин боловсронгуй болгосон. Үүнд:

1.    Даатгалын хураамжийг тооцох аргачлалын өөрчлөлт

2.    Даатгалын санг удирдах үйл ажиллагааны өөрчлөлт

3.    Даатгагдах хадгаламжинд хязгаар тавих

4.    Хүүгүй харилцах дансны даатгал зэргийг шийдвэрлэсэн.

    Үүний дотор хадгаламжийн Даатгалын сангийн удирдлагад түлхүү анхаарч ажилласан. Сүүлийн жилүүдэд санхүүгийн хямрал өссөнтэй холбоотойгоор Сангийн үлдэгдэл огцом багасч 2009 оны 9 сарын сүүлийн тооцоогоор ойролцоогоор 20 жил тутамд Хадгаламжийн Сан хасахтай гарч байна. Холбооны хадгаламжийн даатгалын корпораци(FDIC)нь жилээс жилд  их хэмжээний алдагдалд орж байгаагаас гадна хүндрэлийг шийдвэрлэхэд Сангийн яам зэргээс зээл авч зээлийн хэмжээ ч нэмэгдэж хүндрэлийг шийдвэрлэхэд хэрэгцээтэй сан шавхагдсаар байна. Улмаар 2010 оны 7-р сард Холбооны Хадгаламжийн Даатгалын Хуулинд өөрчлөлт оруулж сангийн доод хэмжээг зааж өгснөөр FDIC-ийн санхүүгийн байдал сайжирч эхэлсэн. 2011 оны 6-р сарын сүүл гэхэд Сангийн үлдэгдлийг нэмэх болгож өөрчлөт хийж чадсан юм.

     Өнөөдөр дэлхийн санхүүгийн салбарын эрх баригч нар санхүүгийн хямралын нөлөө богино хугацаанд хил дамнан тархах даяарчлагдсан санхүүгийн системийн эрсдэлтэй нүүр тулахаас өөр аргагүй байна. Хадгаламжийн даатгалын тогтолцоонд ч мөн адил хил дамнасан асуудал тулгарч дэлхийн хөгжингүй улс орнууд хамтран 2002 онд Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоог (IADI) байгуулж, ХДС-ийг улам боловсронгүй болгон судалж хөгжүүлэх ажлыг эрхэлж байна. IADI нь Банкны Олон улсын төлбөр тооцооны төв (BIS)-ийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг ба Базелын Банкны хянан шалгалтын хороотой хамтран Хадгаламжийн даатгалын олон улсын стандарт “Хадгаламжийн даатгалын системийн үндсэн зарчим”-ыг 2009 оны 6-р сард олон нийтэд хэвлэн нийтэлсэн. Уг зарчимд тулгуурлан бусад улс орнууд ХДС-ийг нэвтрүүлж мөн үнэлэлт хийж өнөөдрийн бидний Банкинд итгэх итгэлийг улам нэмэгдүүлсээр байна. Монгол улс ч мөн адил Хадгаламж эзэмшигчийн эрхийг хамгаалан, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг ханган өөрийн улсын онцлогт нийцсэн Хадгаламжийн даатгалын системийг нэвтрүүлэн ХДС-ийн түүхийг хамтран хөгжүүлж байгаа билээ.

 

Хадгаламжийн даатгал

Асуулт хариулт

Даатгагдсан хадгаламж эзэмшигч гэж хэн бэ?
Банкинд харилцах болон мөнгөн хадгаламжийн данс эзэмшиж байгаа хувь хүн болон хуулийн этгээдийг хэлнэ.
Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох
1.Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих зээл, хүүгийн хамт хасч тодорхойлно.
2. Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн даатгалын нөхөн төлбөрийг тооцно. 
3. Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ 20 сая төгрөгөөс илүүгүй байна.
4. Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно.
Даатгалд хамаарахгүй хадгаламж
1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6.4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс
2. Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл
3. Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж

Холбоос