Мэдээ

Х.Бум-Эрдэнэ: Банкны эрх хүлээн авагчаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн нөхөн төлбөр олгоно

-Хадгаламжийн даатгалын тогтолцоо бий болсноор татвар төлөгчдийн мөнгөөр банкны алдагдлыг хаадаг байсан үе өөрчлөгдсөн-

Монголбанкнаас “Капитал” банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Үүнтэй холбогдуулан тус банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөнө. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд болох аж ахуйн нэгжийн харилцах, хадгаламж даатгагдсан байдаг аж. Энэ талаар Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэтэй ярилцлаа.

-Манай улсад хадгаламжийн даатгалын тогтолцоо хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ. Энэ тогтолцоо бий болгоход арилжааны банкууд хэр үүрэг, роль гүйцэтгэж ирсэн бол? Үүнээс ярилцлагаа эхэлье?

-Одоогоос зургаан жилийн өмнө УИХ-аар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг анх хэлэлцэн баталсан. Ингэснээр банкны харилцагч, үйлчлүүлэгчдийн мөнгө хөрөнгө, хадгаламжийг хамгаалах, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчин бүрдсэн юм.

Энэ үеэс манай корпорацийн үйл ажиллагаа эхэлсэн гэж ойлгож болно.

Монгол Улсад хадгаламжийн даатгалын тогтолцоо нь шинэ мэт боловч олон улсад 1920-иод оноос хөгжиж эхэлсэн. Өнөөдөр ихэнх улс оронд хадгаламжийн даатгалын тогтолцоо санхүүгийн салбарын тогтвортой байдлын нэг тулгуур багана нь болж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх арилжааны банк хадгаламжийн даатгалд хамрагдсан. Хэрвээ хэд хэдэн банкинд тухайн иргэн харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг бол банк тус бүрийн харилцах, хадгаламж уг даатгалд хамрагдсан гэсэн үг. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд банкийг татан буулгасан тохиолдолд нөхөн төлбөр олгож, хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгоно гэж заасан. Тэр хүрээнд хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөрийг олгоно. Хуульд тусгаснаар мөнгөн дүнгийн дээд хэмжээг 20 хүртэлх сая төгрөгөөр тогтоосон байдаг.

-Мөнгөн дүнг яагаад заавал 20 сая гэж заасан юм бэ. Үүнээс илүү мөнгөтэй иргэд үлдсэн мөнгөө “Капитал” банкнаас авч чадахгүй гэсэн үү?

-Иргэд ингэж их асуудаг л даа. Ингэж асуух нь ч өөрөө зүй ёсны хэрэг. Гэхдээ миний дээр дурдсан Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар энэ бүхнийг зохицуулсан байдаг юм. Өөрөөр хэлбэл банк эрсдэлтэй үйлдэл хийхээс сэргийлэхийн тулд хязгаар тогтоож өгсөн тэр дүн нь 20 сая төгрөг. Хуульд цаашид нэмэлт өөрчлөлт оруулснаар мэдээж энэ хэмжээг өөрчлөх боломж бий.

Гэхдээ та үлдсэн мөнгөө авах боломжтой. Төв банкнаас томилогдсон эрх хүлээн авагч үүнийг шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн. Жишээлбэл, иргэн та 25 сая төгрөгийн хадгаламжтай бол түүний 20 хүртэлх сая төгрөгийг манай Хадгаламжийн даатгалын корпораци олгоно. Үлдсэн таван сая төгрөгөө эрх хүлээн авагчид буюу Монголбанкнаас нэхэмжилж, Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу авна.

Тэгэхээр иргэдийн хувьд хадгаламжийнхаа 20 хүртэлх сая төгрөгийг л аваад үлдсэн мөнгөө олж авч чадахгүй нь гэж санаа зоволтгүй болж байгаа юм. Төв банк энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болов уу.

-Банкууд даатгалын хураамжаа хэрхэн төлдөг вэ. Системийн хэмжээнд эзлэх хувь, хэмжээгээрээ харилцан адилгүй байх уу?

-Тийм ээ. Хэдий хэмжээний харилцах, хадгаламжтай эсэхээс банкны төлөх хэмжээ хоорондоо янз бүр л дээ. Гэхдээ даатгалын хураамжийн хувь хэмжээ бүгдэд ижил буюу банкинд хадгалуулсан нийт хадгаламжийн жилийн 0.25 хувийг дөрөв хувааж улирал тутам төлдөг. Энэ нь урьдчилж эрсдэлийн нөөц санг банкууд дундаа байгуулаад, улмаар банкны салбарт ирээдүйд учрах буюу Капитал банкинд тохиолдсон эрсдэлийг банкууд өөрсдөө хариуцна гэсэн үг.

Ийм даатгалын тогтолцоо бий болсноор татвар төлөгчдийн мөнгөөр банкны алдагдлыг хаадаг, санхүүгийн системийг хамгаалахын тулд төр нуруун дээрээ том ачаа үүрдэг тэр хуучин тогтолцоо үндсэндээ халагдаж байгаа юм. Дэлхий нийтээр мөрдөж буй энэ тогтолцоог манайх 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашдаа илүү бэхжиж, сангийн хуримтлал ч нэмэгдэнэ гэсэн үг. Тэр хэрээр нөхөн төлбөрийн хэмжээ 20 хүртэлх сая төгрөгөөр хязгаарлагдахгүй нэмэгдэх ч боломж гарч ирнэ.

-Хадгаламжийн даатгалын корпорацийн хувьд Капитал банк анхны тохиолдол уу. Өмнө нь Зоос, Анод банк татан буугдахад хадгаламжийн даатгалын тогтолцоо гэж манайд байгаагүй санагдаж байна?

-Тэгж хэлж болно. Тогтолцоо маань залуухан гэж хэлсэн. 2013 оноос хойш л бид хадгаламжийн даатгалын тогтолцоог хөгжүүлж авч явж байна. Таны хэлсэн Зоос, Анод банкны үед бол шал өөр эрх зүйн орчин үйлчилж байсан юм. Төр эрсдэлийг 100 хувь даадаг байсан цаг л даа. Одоогийн тогтолцоо бол жижиг хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, тухайн банкны өөрийн хариуцлагыг сайжруулах, банкны систем өөрөө эрсдэлээ даах хэмжээнд авчрах үүднээс анх хийгдсэн. Корпорацийн хувьд богино хугацаанд иргэд, аж ахуйн нэгжийн харилцах болон хадгаламж эзэмшигчийн 20 хүртэлх сая төгрөгийг эргүүлэн олгох бэлтгэл ажил даваа гарагаас эхэлсэн. Монголбанкнаас Капитал банкинд томилсон эрх хүлээн авагчаас бидэнд ирүүлсэн албан ёсны мэдээлэлд үндэслэн 20 хүртэлх сая төгрөгийн харилцах, хадгаламжийг Хаан банкны дансаар дамжуулан шилжүүлнэ.

-Хэдий хугацаанд даатгагдсан хадгаламжийн мөнгийг Хаан банк руу шилжүүлж дуусах вэ?

-Капитал банкинд эрх хүлээн авагч ажиллаж байна. Энэ ажил бүрэн хийгдэж дууссаны дараагаар манайхаас баталгаажуулалт хийгдэж, иргэдийн мэдээлэлд тулгуурлан мөнгө шилжүүлэх ажил явагдана. Банкинд дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар ажлын 10 өдрийн дотор Хаан банкаар дамжуулан нөхөн төлбөрийг олгож эхэлнэ.

-Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг нөхөн олгох үйл явц ямар хууль, журмаар шийдэгдэх вэ?

-Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Хадгаламжийн даатгалын корпорацийн нөхөн төлбөр олгох журам, Банкны тухай хууль зэрэг эрх зүйн актаар зохицуулагдахаар байгаа. Даатгалд хамрагдах харилцах, хадгаламжийг ХААН банкинд шилжүүлэх замаар нөхөн төлбөр олгоно. Харин даатгагдаагүй харилцах, хадгаламжийн төлбөрийг Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс төлүүлэхээр банкны эрх хүлээн авагч ажиллаж байна.

Эх сурвалж: http://www.itoim.mn/article/nFyXb/16380

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]