Хадгаламжийн даатгал олон улсад

Хадгаламжийн даатгал олон улсад

ОЛОН УЛСЫН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАГЧДЫН ХОЛБОО /IADI/

Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо нь хадгаламжийн даатгалын тогтолцооны олон улсын стандарт тогтоогч байгууллага юм. Тус холбоо нь 2002 оны 5 дугаар сард дэлхийн санхүүгийн системийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулах, хадгаламжийн даатгагчдын болон бусад санхүүгийн тогтвортой байдлыг хангагч байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан. Швейцарын Базель хот дахь Олон улсын төлбөр тооцооны банканд (ОУТТБ) байрлалтай ашгийн бус байгууллага бөгөөд үйл ажиллагааны цар хүрээ нь эрчимтэй өргөжиж, хадгаламжийн даатгалын тогтолцоотой холбогдолтой төрөл бүрийн судалгаа, шинжилгээг хийдэг. Мөн “Хадгаламжийн даатгалын системийн үндсэн 16 зарчим”-ыг тодорхойлон гаргасан нь Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн (СТБЗ) санхүүгийн тогтвортой тогтолцооны үндсэн стандартуудын нэг хэсгийг бий болгосон. Тус үндсэн зарчмыг Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банкны Санхүүгийн салбарын үнэлэх хөтөлбөрийн нэг хэсгээр ашигладаг. ОУХДХ нь Үндсэн 16 зарчмын хүрээнд гишүүн орнуудын төвшинг үнэлэх, сайжруулах, бодлого, удирдамж, зөвлөмжүүдийг гарган ажилласнаар холбооны үүрэг, ач холбогдол, нэр хүнд нь нэмэгдсээр байна. Тус холбооны гишүүн байгууллагуудын тоо улам өргөжсөөр, эдүгээ үндсэн гишүүнээр 91 хадгаламжийн даатгагч байгууллага, 9 хамтын ажиллагаатай, 17 түнш байгууллагууд элсээд байна.

Монгол Улс 2013 онд уг холбооны 72 дахь үндсэн гишүүнээр элсэн орж, хадгаламжийн даатгалын тогтолцоог амжилттай хөгжүүлж, дэлхийн бусад орны туршлага мэдлэгээс суралцах, харилцан мэдээлэл солилцох зэргээр холбооны гишүүн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн.

Бүс нутгийн нийтлэг сонирхол, харилцан мэдээлэл солилцох зорилгоор Африк, Ази номхон далай, Карибын тэнгис, Евро-Ази, Латин Америк, Ойрх Дорнодын, Хойд Африк болон Хойд Америкийн бүс нутгийн дэд хороод байгуулагдаж, гишүүд хоорондоо мэдлэг, туршлага солилцох, хадгаламжийн даатгалын тогтолцоог үр ашигтай нэвтрүүлэх, хөгжүүлэхэд нь харилцан тусалж байна. Бүсийн хороодын ил тод байдлыг хангахын тулд зөвлөмж, төлөвлөгөө, үйл ажиллагааны талаарх мэдээллийг, Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан бүр дээр тайлагнах үүрэгтэй. Монгол улс 2013 оноос Ази-Номхон далай, 2016 оноос Евро-Ази бүсийн хорооны гишүүнээр хамтран ажиллаж байна. 

Мөн хадгаламжийн даатгагчдын нийтлэг асуудлыг судлах, хэлэлцэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор дараах байнгын хороод ажиллаж байна:

  • Аудит болон эрсдэлийн зөвлөлийн хороо
  • Үндсэн зарчим болон судалгааны зөвлөлийн хороо
  • Хадгаламжийн даатгалын хамрах хүрээний техникийн хороо 
  • Санхүүгийн технологийн техникийн хороо
  • Исламын хадгаламжийн даатгалын техникийн хороо
  • Бүтцийн өөрчлөлт болон санхүүгийн хамтын ажиллагааны техникийн хороо
  • Эрсдэлийн удирдлага ба хадгаламжийн даатгалын системийн дотоод хяналтын техникийн хороо
  • Сургалт болон техникийн туслалцааны зөвлөлийн хороо
  • Чадавх бэхжүүлэх техникийн хороо
MN

Add Your Heading Text Here