“Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвтэй Олон улсын семинар амжилттай байгуулагдаж өндөрлөлөө. Өнөөдрийн семинарт Европын Банкны санхүүгийн зохицуулалтын бодлогын ахлах мэргэжилтэн Славек Коздрас “Хадгаламжийн баталгааны тогтолцоонд шимтгэл тооцох аргачлал”-ын удирдамжийг танилцуулав.
Мөн АНУ-ын Холбооны хадгаламжийн даатгалын корпорацийн Олон улсын хадгаламжийн даатгалын бодлого, дэмжлэг хариуцсан дарга Эдвард Гарнетт ялгавартай хураамжийн тогтолцоог удирдах туршлага сэдвээр илтгэл тавиж, Гүрж улсын Хадгаламжийн даатгалын корпорацийн дарга Леван Тодуа ялгавартай хураамжийн тогтолцоог нэвтрүүлсэн туршлага, тулгарсан бэрхшээлүүдээ хуваалцаж, Италийн Банк хоорондын хадгаламжийг хамгаалах сангийн эрсдэлийн шинжилгээ, интервенцийн удирдлагын хэлтсийн дарга Джанлука Грассо хадгаламжийн баталгааны тогтолцоонд шимтгэл тооцох аргын тухай хэлэлцүүлэг хийв.
Түүнчлэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Н.Батсайхан, Казахстан улсын Хадгаламжийн даатгалын корпорацийн арга зүй, шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Бауржан Тинассилов, Армени улсын Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Эрмине Харутиунян нартай “Ялгавартай хураамжийн тогтолцооны хэрэгжилтийг сайжруулах” панел хэлэлцүүлгийг удирдан явуулав.
Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн “Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвтэй Олон улсын уулзалт семинар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Семинарын дараа ОУХДХ-ны Евро-Ази бүсийн хорооны 2023 оны жилийн хурлыг хорооны дарга С.Баатарсүрэн удирдан зохион байгууллаа. Жилийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэв, үүнд:
- бүсийн хорооны дэд дарга, Киргизийн хадгаламжийн хамгаалалтын агентлагийн дарга Кадырбек Букуевыг бүсийн хорооны түвшинд албан ёсоор баталгаажуулав;
- 2023-2025 онуудад бүсийн хорооны баримталж ажиллах стратеги төлөвлөгөөг сайжруулах ажлын хэсгийг томилов;
- ирэх жилийн бүсийн хорооны хурлыг зохион байгуулах Гүрж улсад шилжин явах цом гардууллаа