Мэдээ

Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд

“Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан бөгөөд 73 тоот тогтоолоор даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн.

Банкны эрх хүлээн авах зөвлөл нь Капитал банкны хөрөнгийг хүлээн авах ажиллагаа явуулж байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь банкны эрх хүлээн авагчийн өгөх мэдээлэлд үндэслэн хадгаламж эзэмшигч нэг бүрийн нөхөн төлбөрийг тооцоолон гаргах бөгөөд холбогдох бэлтгэл ажлыг ханган аль болох хурдан нөхөн төлбөр олгох ажлыг эхлүүлэхийг зорин ажиллаж байна. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Хадгаламжийн даатгалын корпораци нь даатгалын тохиолдол бий болсноос хойш ажлын 10 хоногийн дотор даатгалын нөхөн төлбөрийг олгож эхлэхээр заасан байдаг.

Одоогийн байдлаар хадгаламж эзэмшигч бүрт олгох нөхөн төлбөрийн дүнг тооцоолж дуусаагүй байгаа тул хадгаламж эзэмшигч болон түүний авах нөхөн төлбөрийн талаар ямар нэгэн мэдээлэл Хаан банкинд өгөөгүй, мөн Хадгаламжийн даатгалын корпорациас нөхөн төлбөр олгох үйл ажиллагаанд зориулсан мөнгийг Хаан банкинд шилжүүлээгүй байна.

Иймд хадгаламж эзэмшигч нэг бүрийн нөхөн төлбөрийн тооцооллыг гарган холбогдох санхүүжилтийн хамт Хаан банкинд шилжүүлэх хүртэл та бүхэн тайван байж, бидний ажлыг хүндэтгэхийг хүсэж байна.

Нөхөн төлбөр олгож эхлэх хугацаа болон холбогдох мэдээллийг тухай бүр Хадгаламжийн даатгалын корпораци, Хаан банкны цахим хуудас болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлж байх болно.

Даатгалын нөхөн төлбөр олгох ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Хадгаламжийн даатгалын корпорацийн цахим хуудас болох www.dicom.mn хаягаас авна уу.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ
2019.04.09

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]