Мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяны хаалтын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аян өндөрлөж буйтай холбогдуулан зохион байгуулагч байгууллагуудын зүгээс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол HD телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрөөр дамжуулан “Дэлхийн хуримтлалын өдөр-2021”-ийн тусгай дугаарыг бэлтгэн олон нийтэд хүргэлээ.

Хөтөлбөрийн эхлэл хэсэгт ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ёорен Розенберг, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэн хуримтлал үүсгэх нь ард иргэдийн амьдралд чухал ач холбогдолтойг онцлов.

Хөтөлбөрийн ярилцлагын хэсэгт зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл болох Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сангийн Суурин төлөөлөгч Маркус Лох нар иргэдийн санхүүгийн боловсрол ба хуримтлалын ач холбогдол, дадал, зуршлыг хэрхэн бий болгох талаар ярилцав.                        

Мөн арилжааны банкууд болон иргэдийн төлөөлөллүүд тус хөтөлбөрт оролцон хадгаламжийн бүтээгдэхүүн болон хэрхэн хуримтлал бий болгох арга туршлагаасаа хуваалцлаа.

 Тус аяныг зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийн сурагчдад “Дэлхийн хуримтлалын өдөр-2021”-ийн арга хэмжээг зохион байгуулан, хадгаламж, хуримтлалын талаар мэдээлэл хүргэн, хадгаламжийн эрхийн бичиг олгож , мөнгөө хуримтлуулах дадал, зуршлыг амьдралдаа хэрэгжүүлээрэй хэмээн мөнгөний тэмээ дурсгав. Энэхүү арга хэмжээний талаарх товч сурвалжлагыг хөтөлбөрийн төгсгөлд үзэгчдэд хүргэв.

MN

Add Your Heading Text Here